НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГАНУУР ДҮҮРГИЙН 125 ДУГААР СУРГУУЛИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2018” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийслэлийн түүхт 379 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан  нийт 60 гаруй өсвөрийн аврагч сурагч оролцсон юм.

Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр оноогоор нэгдүгээр байранд Багануур дүүргийн 125 дугаар  сургуулийн “Нүүрэнтэйн Аврагч” бүлэг, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн “Элит” бүлэг, гуравдугаар байранд  СБД-ийн 4 дүгээр сургуулийн  “Хар Ирвэс” бүлэг, тусгай байранд БЗД-ийн 120 дугаар сургуулийн “Тусгай” бүлгийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.