БАГАНУУР ДҮҮРЭГТ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

0

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Багануур дүүргийн дүүргийн Засаг даргын А/344 дугаар захирамжийн дагуу Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир нарын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 641 алба хаагч 20 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Тус иж бүрэн сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургууль дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үргэлжилж байна.